Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төвд өнөөдөр Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, БСШУСБХорооны дарга Г.Мөнхцэцэг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд спортын салбарын үйл ажиллагаатай танилцах уулзалт хийв.
Арга хэмжээний эхэнд БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл Биеийн тамир, спортын улсын хорооны үйл ажиллагаа, салбарын тулгамдсан асуудлаар мэдээлэл хийсэн бол Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв, Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Наран-Идэр “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” ТӨААТҮГ-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хэтийн төлөвлөлтийн талаар танилцуулга хийсэн юм.
Сайд Б.Бат-Эрдэнэ “Нийгэмд биеийн тамир, спортын оролцоо, бие бялдар хөгжил чухал. Энэ явц дунд эерэг хандлага, зүрх сэтгэлийн боловсрол юу юунаас чухал хэмээгээд Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад эдгээр зүйлийг тусгаж өгөх нь онцгой чухал болохыг дурдав. Түүнчлэн спортын барилга байгууламж дээрх бодлогоо тодорхой болгох, Допингийн эсрэг үндэсний дүрмээ батлах нь нэн тэргүүний ажил болохыг цохон тэмдэглэв.
Д.Жаргалсайхан даргын зүгээс “Үндэсний шигшээ баг маань жилдээ долоон тэрбум төгрөгийн төсөвтэй. Спортын салбарын ирэх оны төсвийн хүрээнд олимпын наадмын олон эрх авахад хүндрэл тулгарч магадгүй байна. Төсвийн дөрвөн тэрбум нь тамирчин, дасгалжуулагчдын цалин, 3.5 тэрбум нь олон улсын тэмцээн уралдаанд оролцох зардал. Дасгалжуулагч 1.5 сая, тамирчин 1.2 сая төгрөгийн цалингаар цалинжиж байна. Иймд Байнгын хорооны гишүүнээс төсөв, зардлын чиглэлд анхаарахыг хүсье гэв.
Нийтийн биеийн тамирын асуудлаар шинэчлэл хийнэ. Өмнө нь чийрэгжүүлэлтийн талруугаа сорил авч байсан бол хойшид спортын чиглэлийн тодорхой үзүүлэлттэй бодит сорилыг улсын хэмжээнд өргөн далайцтай авахаар төлөвлөж байна. Допингийн байгууллагыг гэр бүлийн шинжтэй байдлаас салгаж олон нийтийн зөвлөлтэй хэлбэр рүү оруулах тал дээр анхаарч ажиллана” хэмээн хэлэв.
Энэ үеэр Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн (хуучнаар) харьяанд байсан Авто сургууль (ДОСААФ)-ийн барилга байгууламж, дотуур байр, газрыг төрийн өмчид буцаан авах, Авто мото спортын талбайг (хуучнаар) “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” ТӨААТҮГ-ын эзэмшилд шилжүүлэн авах талаар мэдээлэл авлаа.
Б.Бат-Эрдэнэ сайд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан нар энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй Монголын бүх ард түмний спортын наадмын буудлагын шигшээ тэмцээнд медаль хүртсэн баг тамирчдад шагнал гардуулж, “Бээжин-2008” зуны олимпын наадмаас алтан медаль хүртсэн амжилтын буухиаг үргэлжлүүлэхийг нийт баг тамирчин, дасгалжуулагчид хандан хэлж, амжилт хүслээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.