Есдүгээр сарын 16. “Өнөөдөр Монголын паралимпын өдөр” тохиож байна. 14 жилийн өмнөх энэ өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон зуны паралимпын наадмаас Д.Баатаржав байт харвааны төрөлд алтан медаль хүртсэн бөгөөд энэ өдрийг “Монголын паралимпын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон.
Уулзалтын эхэнд Азийн паралимпийн хорооны ерөнхийлөгч Мажид Рашид мэндчилгээ хүргэхдээ “Пара спортыг илүү олон хүмүүс сонирхож, паралимпын тамирчиддаар дамжуулаан нийгмийн эерэг хандлагыг бий болгох, олон олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэх, амьдралаа сайжруулахад өнөөдрийн арга хэмжээ гараа болно гэдэгт итгэж байна.
Парист болох дараагийн паралимпын наадамд Монголын баг гайхамшигтай амжилтаа бататгаж, олон төрөлд олон тамирчин оролцоно гэдэгт би маш их итгэлтэй байна. Монголын паралимпын өдрийг тэмдэглэх арга хэмжээ нь Азийн орнуудад үлгэр дуурайлал болохуйц урам зориг өгөх болтугай” гэж цохон тэмдэглэв.
Сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Нийгэмд эерэг зөв хандлага төрүүлж, хүмүүсийн урам зоригийг сэргээдэг гол хүчин зүйл бол паралимпын тамирчин, дасгалжуулагч та бүхний уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл юм. Энэ баярын эзэн нь болсон та бүхэнд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Монголын үндэсний паралимпын баярын өдрийн халуун мэндийг хүргэе” гэв.
Сайд Д.Сарангэрэл “Биеийн тамир, спорт бол эх орны нүүр царай, хөгжлийн нэг төвшин юм. Спорттой холбоотой асуудал дээр төр засаг онцгой ач холбогдол өгч байгаа. Спорт эрхэлсэн сайдтай болж байгаа нь Монголын биеийн тамир, спорт болон паралимпын спортын талбарт амжилт ахихад маш том суурийг төр өөрийнхөө бодлогоор бий болгож байгаа. Чадалтай тамирчин төрүүлэх их үйлсэд тань Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ихээхэн хувь нэмэр оруулж, та бүхнийгээ дэмжин ажиллах болно” хэмээн онцлов.
Тус арга хэмжээний үеэр спортын салбарт өндөр амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг шагнаж, урамшуулав.
ХНХЯ-ны Жуух бичгээр Б.Баттөгс, Б.Мөнх-Эрдэнэ, В.Батболд, Ш.Энх-Амарыг шагнасан бол БТСУХ-ны Жуух тэмдгээр Э.Даваадагва, Ө.Нандин-Эрдэнэ, П.Сувдмаа, Д.Бадамханд, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ц.Ганболдыг, Олон улсын хэмжээний мастер цолоор Б.Намуундөл, Ч.Ууганбаярыг, спортын мастер цол, тэмдгээр Б.Баасандорж нарыг шагнасныг Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нар гардууллаа. Дараа нь Сайд Б.Бат-Эрдэнэ паралимпын спортын холбоодын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, салбарын өмнө тулгамдаж буй асуудлаар санал солилцсон.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.