Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах, архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, Монгол хүнийг өвчлөхөөс урьтаж урьдчилан сэргийлэлтийн цогц арга хэмжээг чиглэл бүрээр хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал буюу эрүүл хоол хүнсний хэрэглээг бий болгоход салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд “Эрүүл монгол хүн” нэгдсэн арга хэмжээг Баянхонгор аймагт өрнүүлж байна.
Энэ арга хэмжээг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Спортын бодлогын зөвлөх М.Болд, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ИТХ-ын дарга Э.Энхбат нар оролцож, үг хэлэв.
Хэлэлцүүлэгт ЭМЯ, БШУЯ, Биеийн тамир, спортын улсын хороо, Цагдаагийн ерөнхий газар, МҮОНТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн наркологийн эмнэлгийн нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж, санал санаачилгаа дэвшүүлэв. Харин Баянхонгор аймгаас ЗДТГ-ын удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид, 20 сумын удирдлага, ерөнхий боловсролын сургууль, эмнэлгийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Эрүүл Монгол Хүн” хөдөлгөөний үзэл баримтлал, хэрэгжүүлэх арга замын тухай, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан “Нийгмийн эрүүл мэнд ба сэтгэцийн эрүүл мэндийн асуудал”, Спорт ба эрүүл мэнд сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Спорт бодлогын зөвлөх М.Болд, “Хүн амын хооллолт ба шим тэжээл, эрүүл мэнд” сэдвээр хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав нар олон улсын болон Монгол Улсын төвшинг харьцуулсан судалгаа мэдээллийг танилцуулж орон нутгийн төвшинд бодит нөхцөл байдлын судалгааг гаргах аргачлал, хэрэгжүүлэх арга замд орон нутгийн төлөөллийг сургаж ажиллана гэв.
Хоёр өдөр үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний үеэр аймгийн хэмжээний 20 сумын удирдлага, нийгмийн ажилтан, сургуулиудын захирал, төлөөллүүдэд сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчин, сурагчдын хоолны шим тэжээл, зөв хооллолт сэдвээр сургалт мэдээлэл өгч хоолны амталгаат шоуг мэргэжлийн багаас зохион байгуулахын зэрэгцээ НЭМҮТ, СЭМҮТ-ийн эмч нарын баг сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эмч нарт нэгдсэн сургалт явуулж, төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд, онош нь тодорхойгүй, лавлагаа шатлалын эмнэлэгт очиж үзүүлж чадахгүй байгаа иргэдийг нэгдүгээр эмнэлгийн эмч нар үзлэг шинжилгээ хийлээ.
Түүнчлэн сагсан бөмбөг, хөлбөмбөгийн шигшээ багийн үзүүлэх болон уулзалт тоглолтыг БТСУХ-ноос хариуцан Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран Баянхонгор аймгийн төвд зохион байгуулав.
Мөн биеийн тамир спортын улсын хорооны баг бүрэлдхүүн сумдын биеийн тамирын арга зүйч нарт зөвлөгөө мэдээлэл судалгааны ажлын талаар уулзалт хийх юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.