Мэдээ

Аймаг, дүүргүүдийн Биеийн тамир, спортын газар, хороодын удирдлагуудтай цахим уулзалт хийв

 

Монголын бүх ард түмний спортын XV наадам өндөрлөж, спортын төрөл бүрийн медальтнууд тодорсон нь саяхан. Энэ наадмын үеэр спортын дээд амжилт цөөнгүй шинэчлэгдсэн нь өрсөлдөөний чанарыг илтгэсэн юм. Дөрвөн жилд нэг удаа болдог тул “Монголын олимп” хэмээн нэрлэдэг нь ийм. Тэгвэл өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан Монголын бүх ард түмний спортын XV наадмын тайлангийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулахад 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороо, газрын удирдлагууд оролцож, мэдээлэл сонсов.

Хурдын эхэнд Д.Жаргалсайхан дарга “Монголын бүх ард түмний спортын XV наадмын анхан шатны тэмцээнийг аймаг, дүүргийн хэмжээнд зохион байгуулж, нийт 12.827 тамирчин олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тав, нийт 26 спортын төрлөөр зохион байгуулсаныг хэлсэн үгэндээ тодотгов. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн наадмын тамирчдын оролцоо өндөр байсныг цохон тэмдэглэе.


Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээний зохион байгуулах хороог 2022 оны долоодугаар сарын 1-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдын 99 дүгээр захирамжаар дахин шинэчлэн 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдахад БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан удирдан ажилласан юм. Шигшээ тэмцээнийг БТСУХ-ны Зохион байгуулах ажлын алба бүрэлдэхүүн наадмын зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар ханган 2022 оны А/168 дугаар тушаалаар 427 сая төгрөгийн зардлаар санхүүжүүлсан байна.

Энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнийг 435 шүүгч дэнсэлсэн бол 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4075 тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдлөө. Наадмын шигшээ тэмцээнээс медаль хүртсэн 1201 тамирчин, дасгалжуулагчдад 1.161.500.000 төгрөгийн мөнгөн шагналыг нэгтгэн жагсаалтыг гарган 2022 ондоо багтаан санхүүжилтийг хийх юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимп, дифлимпын спортын таван төрлийг наадмын хөтөлбөрт багтаасан нь онцлогтой.

 

Спортын наадмын шигшээ тэмцээнд уран хурц барилдаан, оюун ухааны өндөр чадвар, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөх тамирчдаа бэлтгэн оролцуулсан аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын удирдлагууд, хамт олонд талархал илэрхийлье” хэмээн Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ тодотгов. Тэрбээр МБАТСН-ын шигшээ тэмцээнд хамгийн өндөр оролцоо (аймгуудаас Орхон-269, Дархан-208, Өмнөговь 189, дүүргүүдээс Баянгол-271, Баянзүрх 216, Чингэлтэй-207)-той оролцсон аймаг, дүүргүүдийг сайшаав.

Хурлын үеэр МБАТСН-ын шигшээ тэмцээний дэвшилттэй талуудыг онцолж, шударга өрсөлдөөн, цахим бүртгэлтэй холбоотой асуудлыг шинэчлэх шаардлагатай гэсэн санал гарав. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын төрлүүдийн тэмцээн уралдааны хоногийг зөрүүлэх санал тавив. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.