Мэдээ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “АЛДАР СПОРТ ХОРОО”-НЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО


Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар спорт хороо”-ны 2022-2023 оны хичээл сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээ тус хорооны зааланд боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга хурандаа С.Ванчинхүү БТСУХ-ны хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн нарын зэрэг хүндэт зочид төлөөлөгчид уригдан оролцлоо.

Нээлтийн арга хэмжээнд тус хорооны 18 спортын төрлийн 480 орчим тамирчдыг төлөөлсөн нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын алдар цолтой олон шилдэг цэргийн албан хаагч болон энгийн тамирчин, офицер, ахлагч, багш дасгалжуулагч, албан хаагч нар оролцлоо. Энэхүү арга хэмжээг нээж Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны дарга хурандаа Г.Өсөхбаяр үг хэллээ.
Нээлтийн арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон ЗХ-ний Алдар спорт хорооны даргын тушаалаар зарим цэргийн алба хаагчид цэргийн цол олгож, Батлан хамгаалах салбарын болон Биеийн тамир, спортын салбарын олон шагналыг шилдэг тамирчид, дасгалжуулагч, ажилтан нарт олгон шагнасан юм.
Алдар спорт хорооноос зохион байгуулсан энэхүү нээлтэд зориулсан спорт, урлагийн тоглолтыг зочид, төлөөлөгчид үзэж сонирхлоо.

Нээлтийн арга хэмжээний дараа Алдар спорт хорооноос зохион байгуулан Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга нарт хандан мэдээлэл хийн танилцуулж, зарим ажил хэрэгч саналуудыг уламжлан, цэргийн спортын хөгжүүлэх чиглэлээр ажил хэрэгч ярилцлага хийсэн байна. Тухайлбал 2023 оноос эхлэн “Алдар спорт хороо”-ны баг тамирчдыг бие даалган улсын хэмжээний наадамд оруулах зэрэг зарим саналыг уламжлан ярилцсан юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.