МОНГОЛЫН СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨНӨӨГИЙН ТҮВШИН БОЛОН ОЛОН УЛС ДАХЬ ХӨГЖЛИЙН АСУУДЛААР ЭРДЭМТЭД ЧУУЛЛАА
Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс энэ оны хамгийн сүүлчийн эрдэм шинжилгээний хурлаа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг “Нээлттэй өдөрлөг”-тэй хамтатган зохион байгуулагдаж, манай улсын спортын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, судлаач, мэргэжилтнүүд оролцож “Монголын улсын спортын шинжлэх ухааны өнөөгийн түвшин ба орчин үеийн спортын шинжлэх ухааны хөгжил” сэдвийн хүрээнд судалгаа илтгэлүүдээ танилцуулж, хэлэлцүүллээ.
Үйл ажиллагааг Биеийн Тамир Спортын Улсын Хорооны дарга Д.Жаргалсайхан болон САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг нар нээж үг хэлсэн бол үндсэн илтгэлийг манай төвийн Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын албаны дарга Б.Батцэнгэл, Анагаах ухааны магистр, Их эмч М.Булган, Анагаах ухааны магистрант Б.Ганзолбоо, САУЭШТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Номин-Эрдэнэ, мөн эрдэм шинжилгээний ажилтан Б.Одмаа нарын эмч, судлаачид өнөө цагийн спортын шинжлэх ухааны чиг хандлага, дотоод, гадаадын хөгжил талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлын дараагийн хэсгүүдэд “Спортын шинжлэх ухаанд суурилсан бэлтгэл сургуулилт”, “Спортын анагаах ухаан”, “Спортын хоол зүй, сэтгэл зүй, био механик” гэсэн сэдвүүдийн хүрээнд чиглэл чиглэлдээ мэргэшсэн судлаач мэргэжилтнүүд хамгийн сүүлийн үед хийсэн судалгаа шинжилгээнийхээ ажлуудаа танилцуулсан юм.
Мөн САУЭШТ-өөс тус хуралд ирүүлсэн 19-н эрдэм шинжилгээний, илтгэл бүтээлүүдээс Доктор Ph.D, Дэд профессор Г.Ганчимэг “Спортын өгөгдөлд тулгуурлан гүн сургалтын аргаар тамирчны үнэлгээг оновчлох судалгаа”, ҮБТДС Магистрант Ш.Бат-Эрдэнэ “Өндөр зэрэгтэй тамирчдын биеийн бүтэц, үйл ажиллагааны зарим онцлогийн харьцуулсан судалгааны үр дүн”, Магистр Д. Сайнцэцэг “ Япон-Монгол улсын спортын хоол зүйн хөгжил, өнөөгийн байдлыг харьцуулсан судалгаа” зэрэг 3 илтгэлийг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.