Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцыг Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущански Борбала Анна хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2 орны биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын эхэнд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Монголч эрдэмтэн томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлээд Унгар улстай манай улс спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, салбарын оюутан, судлаач, мэргэжилтнүүдийг чадавхжуулах урт болон богино хугацааны сургалт, солилцооны хөтөлбөр зохион байгуулах, спортын дунд сургуулийн хөтөлбөрийг илүү боловсронгуй болгоход туршлага судлах чиглэлүүдэд түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн Унгар улсын Ерөнхий боловсролын сургуулиудад 7 хоногт 5 цаг биеийн тамирын хичээл ордог. Энэ нь нийтийн биеийн тамираар дамжуулан иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжиж буй чухал бодлого болохыг онцлоод энэ чиглэлд манай талаас холбогдох судалгааг эхлүүлэх, бага дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт биеийн тамирын хичээлийг олон цагаар оруулах, спортын дунд сургуулиудын хөтөлбөрт шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Түүнчлэн талууд нүүдэлчдийн соёлоос үүсэн уламжлалт спорт, ялангуяа морин дээрх харваа, үндэсний бөх, харваа зэрэг төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах санал солилцсон юм.
Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущански Борбала Анна дээрх чиглэлүүдэд хамтран ажиллах бүрэн боломжтойг цохон тэмдэглэж ойрын хугацаанд өөрийн орны холбогдох байгууллагуудтай зөвлөлдөж дээрх асуудлуудад эргэн хариу өгөхөөр болов.
Дашрамд дуулгахад хоёр улсын Засгийн газрын хооронд Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар талууд ажиллаж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.