ХОРЛООГИЙН МАГВАН АГСАНЫ НЭРЭМЖИТ БОКСЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
“Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч агсан, спортын мастер, дэд хурандаа Хорлоогийн Магваны нэрэмжит боксын олон хотын тэмцээн өнөөдөр “Алдар” спорт хорооны “А” зааланд эхэллээ.
Бага нас, өсвөр, залуучуудын ангиллаар зохиогдож буй энэхүү тэмцээнд 22 байгууллагын 118 тамирчин өрсөлдөж байна.
Хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн өсвөр, залуу боксчид оролцохоор хүрэлцэн иржээ. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг спорт хороод, клубүүдийн тамирчид оролцож байгаа юм.
Тэмцээн таван өдөр үргэлжлээд 28-ны баасан гарагт өндөрлөнө.
Спортын мастер Х.Магван агсан 1982-1999 оныг хүртэл “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагчаар ажилласан түүхтэй. “Алдар”-ын боксчид түүний удирдлага дор Монголын бүх ард түмний спартакиадад 11 удаа түрүүлж, хоёр удаа дэд байрт шалгарч байв.
Өнгөрсөн жилүүдэд Ц.Амаржаргал, Б.Батбаяр, А.Гантулга, Ш.Ганбаатар, Д.Ганбаатар, Д.Хүдэрбаатар, Л.Энхбаатар, Б.Энхтайван, Б.Цогбадрах тэргүүтэй олон сайн боксчин түүний удирдлага дор хичээллэж байсан бөгөөд өдгөө олонх нь сайн дасгалжуулагчид болоод байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.