Мэдээ

Монголын баг “Ханжоу-2022” Азийн наадмыг гурван алтан медаль, гурван олимпын эрх авсан амжилтаар үдлээ

Монголын баг “Ханжоу-2022” Азийн наадмыг гурван алтан медаль, гурван олимпын эрх авсан амжилтаар үдлээ

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8 хүртэл өрнөж, 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын төрөлд өрсөлдлөө. Монголын тамирчид гурван алт, таван мөнгө, 13 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 22 дугаар байрт жагслаа. Онцолж хэлбэл гурван аварга төрж, гурван олимпын эрх авсан амжилтаар энэ удаагийн наадмыг үдэж байна.

Боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг шигшээ шатанд ялалт байгуулснаар алтан медаль хүртэж, энэ удаагийн наадамд төрийн дуулалаа эгшиглүүлсэн анхны монгол тамирчин болж, Азийн наадмын түүхэнд алтан медаль хүртсэн гурав дахь монгол боксчин болов.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга, Ази тивийн хошой алтан медальт, Ираны бөх Рахман Амузад Халилитай барилдаж, оноогоор (11:1) цэвэр ялснаар алтан медаль хүртлээ. Т.Тулга Азийн наадмаас алтан медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн 12 дахь аварга болсон юм.

Байт харвааны сонгодог харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд алтан медаль хүртсэн нь Монголын харваач Азийн наадмын түүхэнд анхны медаль хүртсэн амжилт болж тэмдэглэгдэв. Тэр Азийн наадмын аварга болохын сацуу олимпын наадамд оролцох эрхээ авлаа.

Монгол улсад эрчимтэй хөгжиж буй сагсан бөмбөгийн 3х3-ын эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгө, и-спортын дота2-ын баг мөнгөн медаль хүртсэн нь багийн спортоор авч буй анхны медальтнууд юм.

Дугуйн спортын бөөн гараатай уралдаанд Ази тивийн хүрэл медальт С.Жамбалжамц 4:31.11 цагийн амжилтаар хүрэл медаль хүртэж, Азийн наадмын тав дахь медальт монгол дугуйчин болов. Тэр Азийн наадмын дугуйн спортын 33 жил тасарсан медалийг эх орондоо авчирлаа.

Монголын баг тус наадамд 403 тамирчинаа илгээж, гурван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ. Багийн нийлбэр амжилт 45 орноос 22 дугаар байрт жагссан нь муугүй үзүүлэлт. Алтан медальтан гурваар төрж, олимпын наадмын гурван эрх авсан нь гарцаагүй онцлох амжилт юм. Олимпын эрх авсан тамирчин бол боксын төрөлд Б.Чинзориг, О.Есүгэн, байт харвааны төрөлд Б.Отгонболд юм.

“Ханжоу-2022” Азийн наадмаас медаль хүртсэн Монголын тамирчид:

Алтан медаль:

Б.Чинзориг – Эрэгтэй бокс 63.5 кг

Т.Тулга – Эрэгтэй чөлөөт бөх 65 кг

Б.Отгонболд – Эрэгтэй байт харваа

Мөнгөн медаль:

Монголын баг - И-Спорт Дота 2 төрөл

Б.Гончигсүрэн - Эрэгтэй жүдо 100 кг

Ё.Басхүү – Эрэгтэй жүдо 66 кг

Эмэгтэй баг - 3x3 сагсан бөмбөгийн U23 насны эмэгтэй шигшээ баг

М.Лхагвагэрэл – Эрэгтэй чөлөөт бөх 125 кг

Хүрэл медаль:

Эрэгтэй баг - 3x3 сагсан бөмбөгийн U23 насны эрэгтэй шигшээ баг

О.Есүгэн – Эмэгтэй бокс 50 кг

С.Жамбалжамц - дугуй

Ц.Цогтбаатар – Эрэгтэй жүдо 73 кг

А.Адьяасүрэн – Эмэгтэй жүдо +78 кг

Л.Сосорбарам – Эмэгтэй жүдо 52 кг

Жүдо бөхийн холимог баг

Ц.Батцэцэг – Эмэгтэй кураш 70 кг

Хийн урт бууны эмэгтэй баг (О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа) 10 метр

М.Даваадорж – Эрэгтэй жюү жицү 77 кг

Н.Насанбуян – Эрэгтэй чөлөөт бөх 57 кг

Г.Ганхуяг – Эрэгтэй чөлөөт бөх 97 кг

Э.Дэлгэрмаа – Эмэгтэй чөлөөт бөх 68 кг

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.