Мэдээ

ОХУ-ТАЙ СПОРТЫН САЛБАР ДАХЬ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛД ХАМТРАН АЖИЛЛАНА

 

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Буриад улсын Эрхүү хотын Олимпын залгамж тамирчин бэлтгэдэг спортын коллежийн захирал, “Байкал-Арена” спорт цогцолборын захирал Резик Илья Юрьевич болон Буриад улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Наталья Николаевна Соломинская, Буриадын баруун Сибирийн их сургуулийн “Биеийн тамир, спорт” танхмийн дэд профессор Любарская Эльвира Викторовна нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол улс, ОХУ-ын Спортын салбар 2022-2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө” амжилттай хэрэгжиж хоёр орны спортын салбарын ажлууд хоёр талдаа харилцан ашигтай, үр өгөөжтэй, тасралтгүй явагдаж байгааг дурдаж, 2024 онд спортын салбарт хамтран зохион байгуулах арга хэмжээг өргөжүүлэхэд Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа цохон тэмдэглэв.Тухайлбал, манай улсад энэ онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж буй ОХУ-ын КХЛ хоккейн дэд лигийн тоглолтын зохион байгуулалтын талаар ярилцлаа.

Оросын талаас оролцогч нар Буриадын Эрхүү хотод цаашид зохион байгуулах хөнгөн атлетикийн тэмцээн уралдаанд Монголын өсвөрийн тамирчдыг оролцуулах, эрдэм шинжилгээний хуралд спортын салбарын эрдэмтдийг урьж спорт анагаах, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтарсан судалгаа шинжилгээ хийх асуудлаар тодорхой ярилцлаа. Спорт, олныг хамруулсан биеийн тамирын арга хэмжээ, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, багш, дасгалжуулагч, арга зүйч нарын богино хугацааны ба мэргэжлийн сургалт, судалгаа шинжилгээний хамтарсан ажил зэрэг чиглэлээр хоёр тал хамтрахад бэлэн болохоо илэрхийллээ. 

Уулзалтад ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар нар оролцлоо. Буриадын албаны хүмүүс манай улсад 01-р сарын 16-18 өдөр болж буй “Боловсрол-Спорт-Олимпизм” сэдэвт Олон улсын дугуй ширээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.