Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилтууд болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд Ерөнхийлөгчийн илгээлтийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын улсын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд гардуулав. Б.Бат-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөлбөмбөгийн мэргэжлийн багш, дасгалжуулагчдын тоо нэмэгдэж, энэ спортыг дэмжигч олон түнш байгууллага бий болно” хэмээн онцоллоо.
“Нийтийн хөлбөмбөг”-ийн хүрээнд аймаг, хот, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн охид, хөвгүүд оролцсон таван үе шатанд талбайн хөлбөмбөгийн тэмцээнийг эхлүүлэх, Мөрөөдлийн гоол” тэмцээнийг жил бүр зохион байгуулах, хөлбөмбөгийн дэд бүтцийг бий болгох үүднээс 21 аймаг, есөн дүүрэгт тус бүр нэг стандарт талбай байгуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Түүнчлэн клуб, холбоодоо дэмжих үүднээс “Хамтын ажиллагаа түншлэл” хөтөлбөр, жил бүр үргэлжлэн явагддаг “Үндэсний цом” тэмцээнийг өргөжүүлэх, чанаржуулах хөтөлбөр, боловсон хүчнийг дэмжих зорилгоор “Дасгалжуулагч, багшийн боловсрол” ажлыг 2027 он хүртэл хэрэгжүүлэх юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.