Мэдээ

ДЭЛХИЙН МАСТЕРУУДЫН ӨВЛИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 21 МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

  

Итали улсын Ломбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн  VI наадам болоход Монголын баг тамирчид цана, тэшүүрийн төрөлд 21 медальтай эх орондоо ирлээ. Дээрх амжилтыг байгуулсан баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны дарга Ч.Наранбаатар нар хүлээн авч уулзлаа. Монголын ахмад тамирчдаас тус наадмын шорттрейкийн төрөлд Л.Алтанцэцэг нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн нь баг тамирчдын хамгийн өндөр амжилт бол Н.Эрдэнэтуяа алт, Б.Жалбаа нэг мөнгө, гурван хүрэл, Р.Сарантуяа нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэв. Харин цанын төрөлд Ц.Золбаяр хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан бол Д.Очирсүх мөнгө, Д.Энхээ хүрэл медаль хүртжээ. Энэ үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга медаль хүртсэн тамирчдад хандаж “Та бүхний байгуулсан амжилтын зам мөрөөр олон мянган хүүхэд, залуус болон ахмадууд спортоор хичээллэх ач холбогдлыг бүтээлээ. Бусдад спортоор хичээллэх, эрүүл байх хүсэл эрмэлзлийг төрүүлсэн та бүхэнд онцгойлон баяр хүргэж байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээн хэллээ. Арга хэмжээний төгсгөлд Монголын мастеруудын биеийн тамир, спортын тэргүүн шагнал болох Мастеруудын алдар одонгоор Л.Алтанцэцэг, Н.Эрдэнэтуяа, Б.Жалбаа, Д.Энхээ, Д.Очирсүх нарыг шагнасан бол Спортын-Од тэмдгээр Р.Сарантуяа, Ц.Золбаяр нарыг шагналаа. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.