Мэдээ

ЭМГЭНЭЛ

 

БАГААЖАВЫН ӨНӨБААТАР (1951-2024)

Монгол Улсын гавьяат хуульч, Монгол төрийн албаны шилдэг түшээ, “Сономын Удвал” сангийн тэргүүн, Багаажавын Өнөбаатар хүнд өвчний улмаас 2024 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр зуурдаар нас нөхчин нөхөж баршгүй гарз тохиолоо.

Өнөбаатар нь 1951 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрж, 1959-1969 онд Зөвлөлтийн 10 жилийн дунд сургуульд суралцаж төгссөн. Улмаар дээд сургуульд орж суралцан 1975 онд МУИС-г хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1975 оны 7 дугаар сараас Шүүх яамны хууль боловсруулах, системчлэх хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн дарга, мөн яамны гадаад харилцааны хэлтсийн дарга, олон улсын эрх зүй, хамтын ажиллагааны газрын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байв.

1985-1990 он хүртэл ОХУ-ын Москва хотноо Эдийн Засгийн Харилцан туслалцах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газрын хуулийн хэлтсийн эксперт, 1990 оноос Хууль зүйн яамны Олон улсын эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.

1992-1996 онд "Түмэн Гол" теслийн Монгол талын хуулийн зөвлөх, 1996 оноос 1999 он хүртэл УИХ тамгын газрын хуулийн хэлтэс болон Парламент хоорондын харилцааны хэлтэст тус тус зөвлөх,1999-2002 онд Төрийн өмчийн хороонд Тамгын газрын орлогч бөгөөд Хууль зүйн албаны дарга, 2002-2013 он хүртэл Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ.

Гавьяаныхаа амралтанд гарсан хэдий ч түүний хөдөлмөрч, зарчимч, шударга зан чанарыг төр, олон нийтийн байгууллагууд үнэлэн 2013-2019 он хүртэл "Когниториус онсалтинг" ХХК -д ахлах зөвлөх, 2015-2016 онд Эрүүл мэнд, Спортын яамны сайдын зөвлөх, 2017-2019 онд "Mongolian Lawyer Partners" нөхөрлөлд ахлах зөвлөх, 2019-2022 онд Токио Олимп Сан”-д менежерээр тус тус ажиллаж иржээ. Мөн 2009-2022 онд Монголын чөлөөт бөхийн холбооны УЗ-н гишүүн, дэд ерөнхийлөгч, 2015 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны Мастеруудын холбооны ерөнхийлөгч, ХЗДХ Яамны ахмадын хорооны Удирдах зөвлөлийн даргын сонгуульт ажлыг хийж байлаа.

Б.Өнөбаатар нь өөрийн эзэмшсэн хуульч мэргэжлээрээ улс нийгэм, төрийн байгуулагуудад 38 жил чин сэтгэлээрээ уйгагүй хөдөлмөрлөж ирснийг төр засгаас өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол Улсын Гавьяат Хуульч" цол, өдөлмөрийн гавьяаны улаан тугийн болон "Алтан гадас" одон Ардын хувьсгалын болон бусад ойн медалиуд, Нийслэл, орон нутгийн хүндэт тэмдэг, олон нийтийн байгууллагуудын ойн медалиудаар шагнаж байжээ. Талийгаачийн хөдөлмөрч, энэрэнгүй, хүнд тусархуу, эелдэг даруу, ухаалаг уян зөөлөн, нягт нямбай зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.

УМ МАНИ БАДМЭ ХУМ

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо

Биеийн тамир, спортын улсын хороо

                                                                                                              

                                                      2024.02.19

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.