Япон улсын Токио хотноо 2021.07.23-08.08-ны өдрүүдэд зуны XXXII олимп, 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана.
Эдгээр наадамд оролцох Монголын баг тамирчдын бэлтгэл ажлыг хангах дэд ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан боллоо. Ажлын хэсгийн даргаар БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, гишүүдээр БТСУХ, МҮОХ, САУЭШТ, МҮПХ-ны төлөөлөл 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Дэд ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. МҮОХ-ноос олимпын наадамд баг тамирчдаа бэлтгэн оролцуулахтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээллийг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч
Ч.Наранбаатар танилцуулсан. Тодруулбал олимп, паралимпод оролцох баг тамирчдын вакцинжуулалт, оролцогчийн квот болон тамирчдын хотхонд орох, гарах хугацааны мэдээллийг өглөө. МҮОХ-ны зүгээс УОК болон ЗГХЭГ-т хандаж баг тамирчдаа вакцинд хамруулах хүсэлт гаргажээ.
БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Үндэсний шигшээ багийн тамирчид Олон улсын хүүхдийн Найрамдал төв болон “Техник спортын төв” ТӨААТҮГ-т спортын 9 төрөлд /Жүдо, чөлөөт бөх, бокс, пара жүдо, цана, пара цана, таеквондо, пара таеквондо, ширээний теннис/ 24 дасгалжуулагч, 129 тамирчин, 2 эмчийн бүрэлдэхүүнтэйгээр 45 хоногийн нэгдсэн бэлтгэл цугларалтанд хамрагдсан. Бэлтгэл сургуулилтыг цар тахлын үеийн дэг журмыг чанд баримтлан 2 удаагийн PCR шинжилгээний хариунд үндэслэн, тусгаарлах бүс тогтоон зохион байгуулжээ.
Олимпийн эрхийн оноо цуглуулах болон эрх олгох тэмцээнд оролцох зэргээс шалтгаалан 3 дугаар сарын 1-нээс зарим багуудын бэлтгэл дуусч “Техник спортын төв” -д спортын 6 төрөлд /Хүндийн өргөлт, Буудлага, Пара буудлага, Байт харваа, Пара байт харваа, Пара хөнгөн атлетик/ 12 дасгалжуулагч, 1 эмч, 41 тамирчин нийт 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ үргэлжлүүлж байна.
Дэд ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанд чөлөөт, жүдо, байт харваа, хөнгөн атлетик, 3х3 сагсан бөмбөг, паражүдо, бокс, таеквондо, буудлага зэрэг спортын холбоодын төлөөлөл оролцож олимп, паралимп хүртэлх бэлтгэл сургуулилтын үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл, тайлбар өгсөн юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.