Мэдээ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН БАГ ТАМИРЧДЫН БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТТАЙ ТАНИЛЦЛАА

 

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Туркулсын Станбул хотноо тавдугаар сарын 9-12-нд болох олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд манай улсын долоон тамирчин оролцохоор бэлтгэж байна. Тэгвэл өнөөдөр Олимп, паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны гишүүд чөлөөт бөхийн баг тамирчдын бэлтгэлжилт болон төлөвлөгөөтэй танилцлаа.

Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа шаардлагатай эм, витамин хангалтад туслахыг хүссэн бол Олимп, паралимпын наадамд оролцох баг тамирчдыг дэмжих багийн сургалт дасгалжуулалтын багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох олимпын эрхээ авсан тамичдад хандаж “Чөлөөт бөх бол Монголын спортын нүүр царай болсон төрөл, дахин сэргэлтийн үе эхэлснийг онцолж, олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор бэлтгэж буй тамирчдад хандаж “Бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг уриаллаа.  

Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийншигшээ багийг Э.Ням-Очир ахалж байгаа ба туслах дасгалжуулагчаар Б.Баяраа, Б.Батзориг,Л.Энхбаяр нар ажиллаж байна. Тус багаас 86 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар олимпын эрхээ авсан бол олимпын эрхийн сүүлийн тэмцээний 57кг-ын жинд З.Занабазар, 65 кг-д Т.Тулга, 74 кг-д О.Сүлдхүү, 97 кг-д Г.Ганхуяг нар оролцох юм.

Харин эмэгтэйчүүдийн шигшээ багийг Ц.Цогтбаяр ахалж, туслах дасгалжуулагчаар Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан, С.Мөнхдуулдах нар ажиллаж байна. Энэ багаас олимпын эрхийг 50 кг-ын жинд Д.Отгонжаргал, 62 кг-д П.Орхон, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүртсэн бол олимпын эрх олгох тэмцээний 53 кг-ын жинд Б.Хулан, 57 кг-д Б.Хонгорзул, 76 кг-д Э.Даваанасаннар өрсөлдөнө. Эцэст нь Монголын чөлөөт бөхийн ерөнхий дасгалжуулагчаар гавьяат тамирчин Б.Наранбаатар томилогдон ажиллаж байгааг дуулгасан юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.