Мэдээ

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Ковид-19 цар тахлын үед иргэдийг биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний энгийн дасгал болох алхалт, гүйлтээр хичээллэхэд уриалах, таниулах, хүсэл сонирхлыг бий болгох, дэмжих, хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, бие бялдраа чийрэгжүүлэх дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд сурталчлан “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 15-28-ыг хүртэлх 14 хоногийн хугацаанд зохион байгуулахаар нээлтийн ажиллагааг улсын хэмжээнд өнөөдөр буюу 2021.03.14-ний өдрийн 11.00 цагт нэгэн зэрэг хийж, үйл ажиллагааг цахимаар зохион байгууллаа.
“Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын арга хэмжээг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нээж, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа оролцогчдод амжилт хүслээ.
Энэхүү арга хэмжээг Үүрэн холбооны Жи мобайл ХХКомпани, ухаалаг цагны Garmin Монгол дахь албан ёсны салбар ивээн тэтгэж байна.
Аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод нутаг дэвсгэртээ зохиож байгаа цахим гүйлтийн нээлтийн ажиллагаагаа газар дээрээс нь шууд дамжуулж тус тусдаа зохион байгуулсан.
Зүүн бүсийг төлөөлж Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газар нь байгууллагынхаа биеийн тамирын заал, Хөл бөмбөгийн талбай, Шивээ говь сумын төвөөс, Спиннинг фитнес клубээс тус тус мэндчилгээ дэвшүүллээ. Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн цахим гүйлт 2021 арга хэмжээг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Буянтогтох нээж, оролцогчдоо төлөөлөн Спортын мастер С.Туяагэрэл, Аймгийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Цогбадрах нар үг хэллээ.
Баруун бүсийг төлөөлж Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газар нь “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээний нээлтийн ажиллагааг байгууллагынхаа биеийн тамирын зааланд хийж, үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын орлогч дарга Г.Чинбат нээж, оролцогчдод амжилт хүслээ.
Мөн баруун бүсээс Баян-Өлгийн аймгийн Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ром аймагтаа цахим гүйлт зохиох бэлтгэл ажлыг танилцуулж, аймгаас оролцох 86 гүйгчдээ амжилт хүслээ.
Төвийн бүсийг төлөөлж Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээний нээлтийн ажиллагааг Биеийн тамир, спортын газрын гадна талбайд хийж, үйл ажиллагааг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Т. Энхтуяа нээсэн.
Хангайн бүсийг төлөөлж Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Биеийн тамир, спортын газар нь “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээний нээлтийн ажиллагааг байгууллагынхаа биеийн тамирын зааланд зохиож, үйл ажиллагааг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Баярсайхан нээсэн.
Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас аймгийн Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч С.Дашдаваа мэдээлэл өгч, оролцогчдод амжилт хүссэн юм.
Нийслэлийн бүсийг төлөөлж Багануур дүүргийн Биеийн тамир, спорт хороо нээлтийн ажиллагааг хөл бөмбөгийн талбайд зохиож, тус хорооны ахлах дасгалжуулагч Ж.Болдбаатар мэдээлэл өглөө.
Түүнчлэн гүйлт, алхалтын спорт клубийн төлөөлөл энэхүү үйл ажиллагаанд нэгдэж буйгаа илэрхийлж гүйж байгаа болон амьдарч буй газраасаа шууд холбогдсон.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс :
-Лэтс Ран гүйлтийн клубын гүйцэтгэх захирал Г.Оюун, гүйгчдийн хамт,
-Монголын Эрүүл мэндийн гүйлтийн холбооны гүйцэтгэх захирал У.Баасансүрэн, гүйлтийн Актив клубын гүйгчдийн хамт гүйлтэд нэгдэж буйгаа илэрхийллээ.
Мөн Япон улсаас: Эм Жи Эл гүйлтийн сувгийн Япон дахь төлөөлөгч Х.Загдсүрэн,
АНУ-аас: Эм Жи Эл гүйлтийн сувгийн АНУ дахь төлөөлөгч Г.Гантуяа нар шууд холбогдож гүйлтийн үйл ажиллагаанд нэгдэж буйгаа мэдэгдлээ.
Нийт иргэддээ “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.