Мэдээ

ЕСӨН ОРНЫ 45 ЭРДЭМТЭД ЧУУЛЖ БАЙНА


Монгол улсад Орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Биеийн тамир, спорт-тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тавдугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хуралд есөн орны 45 эрдэмтэн судлаачид, салбарын ажилтан хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны улсын хорооны дарга О.Баттулга болон НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, БНСУ-ын Спортын шинжлэх ухааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Кан Ён Сун нарын хүндтэй эрхмүүд оролцож байна.

Арга хэмжээг нээж Б.Бат-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодлогын түвшинд анхаарч, өнөөгийн байгаа төвшинг ахиулах, олон улсын жишигт хүргэх, спортын судалгаа, шинжилгээний ажлыг тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд салбарын төсөв санхүүжилтыг нэмэх, оновчтой хуваарилах, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад чиглэсэн олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна” хэмээн тодотголоо.

Харин БТСУХ-ны дарга О.Баттулга “Орчин цагийн биеийн тамир, спортыг анх нэвтрүүлэх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хөгжүүлж эхэлж байхад тухайн цаг үед зориулалтын спортын барилга байгууламжгүй, бэлтгэгсэн хүний нөөцгүй, мэдээллийн нөөц хомс байсан нь тодорхой бөгөөд өдгөө бид улсын хэмжээнд 2272 спортын барилга байгууламжтай, 4000 гаруй мэргэжлийн хүний нөөц салбар бүрт ажиллаж, жилдээ давхардсан тоогоор нэг сая иргэнийг биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцуулдаг болсон байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн “GO MONGOLIA”-ийн хүрээнд спорт аялал жуулчлалыг хөгжүүлсэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжигч салбар болох болно” хэмээн тэмдэглэлээ.

Хурлын эхний өдрийн илтгэлүүдээс ЮНЕСКО-ийн зөвлөх Уолтер Кинг Ян Хогийн “Биеийн тамирын боловсрол дахь тогтвортой хөгжил-Чанар ба амжилтын эрэл хайгуул”, Азийн биеийн тамир, спортын зөвлөлийн ерөнхийлөгч Говиндасами Баласекараны “Биеийн тамир, спорт дахь шинэ инноваци ба тогтвортой байдал”, “Чукёо” их сургуулийн Эрүүл мэнд, спортын шинжлэх ухааны сургуулийн дэд ерөнхийлөгч Ёшихиса Умемурагийн “Биеийн тамирын боловсрол ба спортын шинжлэх ухааны хэтийн төлөв, тулгамдсан асуудал” Бээжингийн спортын их сургуулийн профессор Ли Ян Лигийн “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын барилга байгууламжийг олимпын өв болгон ашиглах нь” зэрэг онцлох илтгэлүүд ирсэн зочдын анхаарлыг татаж байлаа.

Маргааш “Монгол-Солонгосын спортын хамтын ажиллагааг сайжруулахад “Fit for life”-ыг ашиглах нь”, “Орчин цагийн спортыг хөгжүүлсэн бодлогыг судалгаа”, “Монгол баяр наадам ба биеийн тамир, спорт”, “Монгол нум”-ын үүсэл хөгжил, “Монгол шагайн харвааны уламжлал, шинэчлэл”, “Монголын үндэсний сурын харвааны эрх зүйн зохицуулалтын уламжлал”, “Биеийн тамир, спортын салбарын төсвийн зарлагын шинжилгээ”, “Хотын биеийн тамирын заалны байршлыг орон зайн дүн шинжилгээний аргаар тодорхойлох нь”, “Оюутан тамирчдын нийгмийн дэмжлэг” зэрэг илтгэлийг тавих юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.