Мэдээ

“ЦЭНХЭР ДЭЛГЭЦИЙН ТАМИРЧИД” ЭНГЭРЭЭ МЯЛААВ

 

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар өнөөдөр Монголын үндэсний телевизийн “Спорт суваг”-ийн хамт олонд Монгол улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль гардуулав.

1998 оноос “Чандмань студи” нэртэйгээр спортын өдөр тутмын мэдээ, мэдээллийг анхлан ард түмэндээ түгээж эхэлсэн цагаас өнөөг хүртэлх хугацаанд Улсын баяр наадам, олимпын өвөл, зуны наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам, паралимпын наадам, Зүүн Азийн залуучуудын наадам, Монголын бүх ард түмний спортын наадам, Монголын хүүхдийн спортын наадам зэрэг томоохон наадам, уралдаан тэмцээнийг цэнхэр дэлгэрцээр шууд дамжуулан хүргэж, спорт сонирхогчдын мэлмийг баясгасаар ирсэн бөгөөд салбартаа хамгийн туршлагатай нь тэд юм.

Олимп, тив, дэлхийн дэвжээнээ Монголын тамирчид бахдам ялалт байгуулж, Монголын далбаа өндрөөс өндөрт намирч, төрийн дуулал ертөнцийн чихнээ эгшиглэхтэй зэрэгцэн монгол хүн бүрийн цээжинд омогшил, бардамнал дүрэлзэх тэр алтан мөч бүрийг цаг алдалгүй дамжуулж, сурвалжилж ирсэн тул спортын салбарынхан тэднийг “Цэнхэр дэлгэцийн тамирчид” хэмээх нь маргаангүй үнэн.

2009 оноос “Спорт эрүүл мэндийн нэвтрүүлэгийн редакц”, 2010 оноос “Уран бүтээлийн дөрөвдүгээр нэгдэл”, 2018 оноос өдгөө “Спортын төрөлжсөн суваг” нэртэйгээр бие даасан үйл ажиллагаа явуулж байна. “Спорт суваг”-аас соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Нарангэрэл (найруулагч), Л.Цагаандалай, Д.Баярсайхан (сэтгүүлч) нарын сайчууд төрөн гарсан ба тус сувгийн эфирт өдгөө 20 гаруй уран бүтээлч ажиллаж, спортын мэдээ мэдээллийг цаг алдалгүй түгээсээр байна.      

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.