Мэдээ

О.ГЭРЭЛИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жил, Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

О.Гэрэл нь Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийн төслийг боловсруулж, Монгол Улсын спортын цол зэрэг олгох тухай журмыг шинэчилэн боловсруулж, “Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, спортын төрлийг сонгон шалгаруулах журам”-ыг боловсруулж, “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”, “Үндэсний хэмжээний тэмцээн, наадмын мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам”-ын төслийг боловсруулж, "Токио-2020" зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх хөтөлбөрийн төслийг боловсруулан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулан ХЗДХ-ийн сайд, БСШУС-ын сайдаар батлуулсан билээ.

Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан, Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогын төслийг боловсруулан Засгийн газрын тогтоолоор батлуулж, Засгийн газраас биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газрын тогтоолоор батлуулж, Допингийн үндэсний дүрэм зэргийг батлуулсан спортын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм. Түүний идэвх зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2007 онд Спортын алдар, 2008 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, 2012 онд Нийслэлийн хүндэт медаль, 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2016 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2018 онд Алтан гадас одонгоор шагнаж урамшуулжээ.  

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.