Монгол улсад Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний олон нийтийн телевиз үүсэж хөгжсөний 57 жилийн ойг тохиолдуулан МҮОНТ-ий “Спорт суваг”-ийн ерөнхий продюсер О.Ууганбаяр, найруулагч Б.Төмөрсүх, сэтгүүлч Э.Ерөөлт, О.Сонинбаяр нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа. Шагналыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар гардуулав.
Монголын спортын төрөлжсөн суваг 25 жилийн тэртээ “Чандмань” нэртэйгээр анх цэнхэр дэлгэрцээр дамжуулан нийтийн биеийн тамирын ач холбогдлыг иргэд сурталчлан таниулахын сацуу спортын гадаад, дотоодын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж, Монголын хүүхдийн спортын өвөл зуны наадам, Монголын бүх ард түмний наадам, Монголын үндэсний спортын наадам, Монголын оюутны спортын наадам, “Тамирчдын баяр”, зуны олимп, паралимп зэрэг томоохон тэмцээн, наадмуудыг мэргэжлийн өндөр түвшинд шууд нэвтрүүлж ирсэн гавьяа зүтгэлтэй.
Шагнал гардсан О.Ууганбаяр нь телевизийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа хоккей, хөлбөмбөг, бильярд, мөсний загасчлалын ДАШТ-ийг хөтлөн хүргэсэн бол ерөнхий редактор Э.Ерөөлт нь “Оддын замнал” нэвтрүүлэгтээ 50 орчим зочныг урин оролцуулжээ. Харин сэтгүүлч О.Сонинбаяр нь волейболын лиг, хөлбөмбөгийн ДАШТ, Залуучуудын олимп, “Парис-2024” зуны паралимпын наадмыг тайлбарлан хүргэсэн бол “Спорт суваг”-ийн найруулагч Б.Төмөрсүх нь спортын ярилцлага, нэвтрүүлэгийг 17 дахь жилдээ найруулж буй уран бүтээлчид юм. Энгэрээ мялаасан эрхэм уран бүтээлч та бүхний үг нь цэцэн, үзэг нь хурц байг.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.