Мэдээ

П.МӨРӨН “ДАКАР РАЛЛИ-2025”-Д 76 ДУГААР БАЙРТ ХУРДАЛЛАА

 

1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2025” уралдаан өндөрлөлөө. Саудын Арабын Биша хотод болсон 7500 км зайн энэ удаагийн уралдаанд Монгол улсаас П.Мөрөн мотоциклын төрөлд өрсөлдөхөд 135 тамирчинаас 76 дугаар байрт хурдаллаа. 59 тамирчны өмнө орсон түүний анхны “Дакар ралли” энэ юм. Тэрбээр 14 өдрийн уралдаанд хамгийн өндөр амжилтыг долоодугаар этапт үзүүлэхдээ шилдэг 28-д орсон нь онцгой амжилт.

Өдгөө 27 настай П.Мөрөн удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой. “Дакар ралли-2025” уралдаанд өрсөлдөх П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байв.

47 жилийн түүхтэй  энэхүү уралдаанд Монгол улсаас анхлан гавьяат тамирчин Д.Болдбаатар (нийт 3 удаа), ОУХМ Н.Лхамаа (нийт 5 удаа)нар уралдсан нь 2013 он. Тэд “Дакар ралли”-д хамгийн олон уралдсан монгол тамирчид юм. Түүнээс хойш 2014 онд Д.Болдбаатар, Н.Лхамаа, Х.Батболд, 2015 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, Б.Сүрэндорж, Д.Болдбаатар, Ч.Анар, Д.Жаргалсайхан, 2019 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, 2022 онд Н.Лхамаа, Б.Баттөр, Г.Аранзал, Г.Тэмүүжин, 2024 онд Ч.Ганзориг нар уралдаж байжээ.        

Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг 2019 онд Перу улсад болсон 41 дэх удаагийн “Дакар Ралли”-гийн 5000 км-ын зайд Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт (төрсөн ах дүү) нар UTV оpen ангилалд хүрэл медаль, мотоциклын төрөлд гавьяат тамирчин Д.Болдбаатар 45 дугаар байрт хурдалсан юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.