“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагаанд зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгуудаас нийт 4447 хүн оролцсон байна. Үүнээс 14 хоногийн хугацаанд Говьсүмбэр аймгийн 590 гүйгч нийт 7236 км зам туулснаар нийлбэр 6.29 оноогоор Зүүн бүсийг тэргүүллээ.
Энэ бүсэд Дорнод, Хэнтий аймгаас хамгийн олон оролцогч хамрагдсан ч нийлбэр оноог зөвхөн туулсан зам, оролцогчийн тоогоор бус удирдамжийн дагуу нийт хүн амын тоотой харьцуулсан оноо мөн бусад идэвхийг харгалзсан оноог нэгтгэн байр эзлүүлсэн юм.
2020 оны улсын нэгдсэн тооллогоор Говьсүмбэр аймгийн хүн ам 17928 буюу зүүн бүсийн хамгийн цөөн хүн амтай аймаг юм. Ингэснээр энэ удаагийн цахим гүйлтэд нийт хүн амынх нь 3% нь оролцжээ.
“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагааны удирдамжийн дагуу байгууллагын нэгдсэн дүнг гаргахдаа аймаг, дүүргийн “Strava” группэд гүйлт нь бүртгэгдсэн иргэдийн тоо, туулсан замын нийт километрт харгалзуулсан оноо, нээлттэй фэйсбүүк групп, пэйж болон цахим хуудсанд байршуулсан мэдээтэй танилцсан хандалт болон мэдээг бусдад хуваалцсан тоо зэргийг нэмж, нийлбэр оноог их онооны системээр байр эзлүүллээ. Мөн тухайн аймаг, дүүргийн хүн амын тоог туулсан замын нийт километрт харгалзуулж дүгнэсэн юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.