Мэдээ

Ц.ШАРАВЖАМЦ: ТОКИО-2020 ОЛИМПЫН НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭН 4 ТАМИРЧИНД МӨНГӨН ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ, ОРОН СУУЦ АДИЛ ТЭГШ ОЛГОГДОНО.

Ц.ШАРАВЖАМЦ: ТОКИО-2020 ОЛИМПЫН НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭН 4 ТАМИРЧИНД  МӨНГӨН ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ, ОРОН СУУЦ АДИЛ ТЭГШ ОЛГОГДОНО.
Мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан.
Тус журмын 2.1 дэх заалтын “Тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ” гэсэн хэсэгт олимпын наадмын алтан медальд 120 сая төгрөг, мөнгөн медальд 60.0 сая төгрөг, хүрэл медальд 30.0 сая төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг. Журмын 3.1 дэх заалтад дасгалжуулагчид олгох мөнгөн шагналын хэмжээг “... тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно” гэсэн заалттай.



Мөн журмын 4.1 дэх заалтаар олимпын наадмаас алтан медаль авсан тамирчинд 4.0 сая төгрөг, мөнгөн медаль авсан тамирчинд 3.0 сая төгрөг, хүрэл медаль авсан тамирчинд 2.0 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг сар бүр олгохоор зааж, 5.5 дахь заалтын дагуу сар бүрийн урамшуулал нь ирэх оны 2022 оны 1 -р сараас эхлэх олгохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл журмын дагуу “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн манай 4 тамирчинд сар бүрийн урамшуулал нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгогдоно.


Одоогийн байдлаар “Токио 2020” зуны олимпын наадмаас медаль авсан 4 тамирчин, түүний дасгалжуулагчид ногдох нэг удаагийн мөнгөн шагналд шаардагдах 225.0 сая төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын “Мөнгөн шагнал олгох тухай” А/234 тушаал гарч, олгоход бэлэн болоод байна.



Мөн олимпод амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа цар тахлын үеийн журмын дагуу Токио хотоос хамгийн сүүлд ирсэн баг тамирчдын 14 хоногийн тусгаарлалт дууссаны дараа буюу 2021.08.25-ны өдрийн 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, мөн өдрийн 12.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүлээн авч уулзахаар товлогдсон.
“Токио 2020” зуны XXXII олимпын наадамд оролцсон баг тамирчдаас Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Саеид Моллай мөнгөн медаль, Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-н жинд Б.Болортуяа хүрэл медаль тус тус хүртсэн.
Мөн Хүндийн өргөлтийн 87 кг-ийн жинд М.Анхцэцэг, Жүдо бөхийн 66 кг-ийн жинд барилдсан Ё.Басхүү, Боксын 57 кг-ийн жинд Э.Цэндбаатар, Чөлөөт бөхийн 65кг-д С.Батцэцэг, 57кг-д Б.Хонгорзул, 50кг-д Ц.Намуунцэцэг, М.Лхагвагэрэл нар тус тус шагналт байруудад шалгарч, Монгол улсын баг тамирчид багийн дүнгээр 206 орноос 71 дүгээр байрт шалгарсан.
Дэлхий даяар автсан “Ковид-19” цар тахлын хүнд нөхцөлд Монголын баг тамирчид тавьсан зорилгодоо хүрч түүхэндээ анх удаа багийн спортын төрөл 3х3 сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр эрх авч, мөн эмэгтэй тамирчдын тоо давамгайлан, 10-н тамирчин медалийн төлөө өрсөлдөж, спортын 10 төрлөөр 43 эрх авч оролцсон онцлогтой олимп боллоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.