Мэдээ

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн өндөрлөлөө


Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн (мөсний шагай, мөсний сур харваа) тэмцээн “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн талбайд энэ сарын 18-20-нд боллоо. Энэхүү наадам нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг юм. Энэ жилийн тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн урьдчилсан шатнаас шалгарсан 426 (мөсний шагай харваанд 126, мөсний сур харваанд 300) харваач шигшээ шатанд цэц мэргэнээ сорин өрсөлдөв.

 

Шинэ мэргэн мэндэллээ

Энэ жилийн шагай харвааны шигшээ тэмцээнд 12 аймаг, есөн дүүргийн 126 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөхөд багийн харваанд Үлэмж гарамгай дархан мэргэн Л.Жамсранжав ахлагчтай Архангай аймгийн баг түрүүлсэн бол дархан мэргэн Д.Ууганбаяр ахлагчтай Чингэлтэй дүүрэг, улсын хошой мэргэн Д.Батсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн баг удаалав. Харин талын харваанд Чингэлтэй дүүргийн тамирчин, дархан мэргэн Д.Ууганбаяр, улсын мэргэн Б.Цогбадрах нар илүүрхэв. Тэгвэл цуваа харвааны төрөлд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Ц.Мөнхбаатар түрүүлж, удаах байрт Чингэлтэй дүүргийн тамирчин, Б.Цогбадрах, Хан-Уул дүүргийн тамирчин, залуу харваач С.Буяндэлгэр нар орсон байна. Сонирхуулахад түрүү харваач Ц.Мөнхбаатар нь тус тэмцээний хамгийн залуу (19 настай) оролцогч бол улсын мэргэн Б.Бушуу хамгийн ахмад харваач байв. Энэ тэмцээний үеэр Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгосон бол дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээлээ.

 

Ховдчууд алтан медалиахамгаалав

Мөсний сур харвааны шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 300 тамирчин хүч үзэхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, залуу харваач Н.Доржготов20 сумнаас 20 онож, алтан медаль хүртсэн байна. Удаах байрт Багахангай дүүргийн тамирчин Н.Алтансүх, Дархан-Уул аймгийн харваач Т.Ихтамир нар орлоо. Түүнчлэн багийн төрөлд улсын мэргэн А.Мөнхбат ахлагчтай Ховд аймгийн баг түрүүлсэн бол Д.Баттулга ахлагчтай Төв аймаг, Б.Дашзэвэг ахлагчтай Говь-Алтай аймгийн баг мөнгө, хүрэл медалийг энгэртээ гялалзуулав. Энэ тэмцээний багийн төрөлд түрүүлсэн Ховд аймаг VI, VII наадамд дараалан түрүүлсэн онцлох амжилттаар Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрлийн тэмцээнийг үдэж байна. Хамгийн залуу оролцогч нь Говь-Алтай аймгийн 22 настай С.Анхмандах бол ахмад нь Баян-Өлгий аймгийн 66 настай Х.Гармаа байлаа.  

 

Тэмцээний хаалтын ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Баттулга, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн нар баг тамирчдад баяр хүргэж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.