Мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлт болов


Есдүгээр сарын нэгэн. Өнөөдөр эрдмийн цагаан өргөө, гэгээн саруул багш, ангийн олон нөхдөө санасан бяцхан үрсүүд эрдэм номын мөр хөөхөөр хуран чууллаа. Энэ өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол болов. 13 жилийн түүхтэй тус сургуулийн Хичээлийн шинэ жилийн баярт ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан оролцож, үг хэлэв. Тэрбээр “Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуульд ажиллаж байгаа нийт ажилтан албан хаагч, эрдэмтэн багш, эрхэм сурагчид Та бүхэнд 2022-2023 оны Хичээлийн шинэ жилдээ амжилт гаргаж, эрдэм номдоо шамдан суралцаж, спортын өндөр амжилт гаргахыг Биеийн тамир, спортын улсын хорооны нэрийн өмнөөс хүсэн ерөөж байна. Энэ сургуулийг анх байгуулах ажилд анхнаас нь хүчин зүтгэж явсан хүний хувьд сургуулийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хамтран ажиллаж, байр талбай, бэлтгэлийн заалтай болгох талаас нь дэмжин ажиллах болно” хэмээв. Д.Жаргалсайхан дарга чөлөөт бөхийн спортоор өндөр амжилт үзүүлсэн Д.Мөндөлд спортын дэд мастерын цол,тэмдэг гардууллаа. Түүнчлэн тус сургуулийн сурагчдын жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, таеквондогийн үзүүлэх тоглолт болсон нь хурсан олонд сонирхолтой байв. Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуульд энэ жил 500 гаруй тамирчин, сурагч спортын 10 төрлөөр суралцах бөгөөд ирэх оны Хүүхдийн спортын наадамд нийлбэр дүнгээр тэргүүн байр эзлэх зорилт тавьж байна. Онцолж хэлэхэд, “Токио-2020” зуны олимпын наадамд тус сургуулиас төгсөж гарсан дөрвөн тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдсөн бол өнөө жилийн Үндэсний их баяр наадмынөсвөр үеийнхний бөхийн барилдаанд тус сургуулийн чөлөөт бөхийн багш Д.Гомбодоржийн шавь Д.Нарантулга, Э.Дэмүүл нар түрүү булаалдсан юм. Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн 5а ангийн сурагч Х.Амин-Эрдэнэ, Х.Ганбямба нар хонх дуугаргаснаар 2022-2023 оны Шинэ хичээлийн жил эхэллээ. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.