Мэдээ

Монголын бүх ард түмний спортын наадмын нээлтийн ёслол болов

Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Наадмын нээлтийн ёслолд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спортын бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Жаргалсайхан, ЗГХЭГ-ын референт Г.Оюунтунгалаг, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган нарын хүндтэй эрхмүүд оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.


Энэ үеэр Сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урдчилан сэргийлэх, спортыг дэмжих, үндэсний уламжлалт спортыг дэлхий нийтэд таниулах, тамирчдыг тив, дэлхий төвшинд өрсөлдөх чадвартай болгон амжилтыг нэмэгдүүлэн иргэдэд үйлчлэх спортын зориулалттай барилга байгууламжийг барих талаар зорилт тусгасныг бид хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Энэхүү наадмын шигшээ тэмцээнүүд онц сонирхолтой болж, уран хурц тоглолтууд гарч, спортын шударга өрсөлдөөн үзүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэг энэрэнгүй сэтгэл, зөв харилцаа, зөв хүн байхын жишгийг үзүүлэн ард түмэнд үлгэрлэсэн оюун ухаан, бие бялдарын өндөр ур чадвар шаардсан спортын олон дээд амжилтууд тогтоосон өрсөлдөөн ихтэй арга хэмжээ болно гэдэгт найдаж байна. Баг, тамирчин, дасгалжуулагч та бүхэнд спортын өндөр амжилт хүсье” хэмээн онцоллоо.


Наадмын нээлтэд зориулан БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан хэлэхдээ: Уг наадмыг зохион байгуулснаар хүн амыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах, наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүдийг болон спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих, өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, бэлтгэх, олон улс, тив, дэлхий, олимпын наадамд өрсөлдөх шилдэг тамирчдыг олж илрүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.



Монгол Улсын Засгийн газраас энэхүү арга хэмжээг явуулахад зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн ихээхэн туслалцаа дэмжлэг үзүүлж, тамирчдыг наадмын тэмцээндээ амжилттай оролцох бүхий л нөхцөл бололцоог ханган, бүрдүүлж байгаад бид баяртай байна гэсэн юм.

Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.


Энэхүү ёслолын хамгийн сонирхол татсан нь үйл явдал нь бамбар асаах ёслол, тамирчны тангараг өргөх, төрийн далбаа залан өргөх ёслол байлаа. Жүдо бөхийн олимпын хүрэл медальт, Азийн аварга, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар бамбар залж СТО-д орж ирсэн нь хурсан олны сэтгэлийг татаж байсан бол хүндийн өргөлтийн ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг тангараг өргөлөө.


Мөн буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Анударь, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Т.Тулга, ширээний теннисний ОУХМ Б.Болор-Эрдэнэ, хөнгөн атлетиктийн Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Бямбажав нарын зэрэг улс эх орноо төлөөлөн “Токио-2022” зуны олимпын наадамд оролцсон 4-н шилдэг тамирчид төрийн далбаагаа СТО-д залан оруулж, өргөх ёслолд оролцсон нь уг арга хэмжээний оргил мөч байлаа.
Энэхүү наадмын шигшээ тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, багийн дасгалжуулагчийг Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасны дагуу алтан медаль 1.5 сая төгрөг, мөнгөн медальд нэг сая төгрөг, хүрэл медальд 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг олгоно.
Наадмын тэмцээнүүд Улаанбаатар хотноо 09 дүгээр сарын 9-19-нд спортын 26 төрлөөр болж, 21 аймаг, 9 дүүргийн 4,500 гаруй тамирчид оролцоно.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.