Мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV наадам хөшгөө хаалаа


Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-19-нд болж, 26 спортын шилдгийн шилдгүүд тодорлоо. Өнөөдөр Спортын төв ордны А зааланд амжилт байгуулсан баг тамирчдад шагнал гардуулах ёслол болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Буриадын их сургуулийн профессор, доктор Калмыков Степан Владимирович, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх М.Болд, Монголын үндэсний паралимпын хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.

Энэ үеэр Сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Монголын бүх ард түмний спортын XV наадамд оролцсон нийт тамирчид, дасгалжуулагчид, төлөөлөгчид Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу Монголын бүх ард түмний спортын XV наадмыг улс орон даяар 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж дууслаа. Наадмын анхан шатны тэмцээнд 12,000, шигшээ тэмцээнд 4, 800 тамирчид, 400 дасгалжуулагч, 430 шүүгч, сайн дурын ажилтан, зохион байгуулагч нар нийтдээ 19,000 гаруй төлөөлөгчид хамрагдлаа.
Наадмын шигшээ тэмцээнүүд 11 хоногийн турш Улаанбаатар хотноо нэгэн зэрэг хугацаанд спортын 17-н төрлийн байгууламжид, спортын 23 төрлөөр зохиогдож 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан шилдэг тамирчид хурд, хүч, оюун ухаан, авхаалж самбаа сорин өрсөлдөж, олон арван дээд амжилтуудыг тогтоогдлоо. Наадамд оролцогчид нийтдээ 624 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 333 буюу 53.3%-г аймгууд, 291 буюу 46.6%-г нийслэлийн дүүргүүд хүртсэн амжилт гаргажээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тамирчдын тив, дэлхий, олимпын түвшинд өрсөлдөх ур чадварыг чадвар, амжилтыг нэмэгдүүлэх, спортын ажил, үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх, цахим үйлчилгээг биеийн тамир, спортын салбарт нэвтрүүлэх чиглэлээр энэхүү наадмыг бэлтгэх, явуулах хүрээнд олон төрлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Наадам хүрээнд биеийн тамир, спортын ажилтан, дасгалжуулагч, тамирчдын нийгмийн гэгээрэл, хүн хоорондын харьцаа хандлага, ёс зүй, эрүүл ахуйн соёлыг нэвтрүүлэх, спортын салбарын зүгээс нийгэмд эерэг хандлага төрүүлэх үйлдэл, үйл ажиллагаа явуулах чиглэлд ихээхэн анхаарч ажиллан, зохих эерэг хандлагууд бий болж, эхэлж байгаад бид баяртай байна.

"Монголын бүх ард түмний спортын XV зуны наадам"-д оролцсон нийт тамирчид, дасгалжуулагчид, тэднийг бэлтгэн оролцуулж, дэмжлэг үзүүлсэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, хамтран тэмцээнүүдээ зохион байгуулсан спорт холбоод, сайн дурын ажилтан, оюутан залуучууд, албан хаагчид Та бүхэнд баярлан талархсанаа илэрхийлэн, цаашдын ажил үйлст тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
Дараагийн Монголын бүх ард түмний спортын XVI наадмаар эргэн уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, наадмын үйл ажиллагаа хаасныг мэдэгдье.” хэмээн онцлов.

21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 624 багц медалийн төлөө өрсөлдөхөд багийн нэгдсэн дүнгээр дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 101 медаль (49 алт, 31 мөнгө, 21 хүрэл), аймгуудаас Хэнтий аймаг 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) хүртсэнээр түрүүллээ. Харин хүчний байгууллагаас "Алдар" спорт хороо 123 медаль (56 алт, 38 мөнгө, 29 хүрэл)-тайгаар тэргүүлсэн байна.
Монголын бүх ард түмний спортын наадмын шилдэг спорт холбоогоор Монголын таеквондогийн холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын волейболын холбоо, Монголын самбо бөхийн холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын гимнастикийн холбоог шалгарууллаа.

Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын төрлөөс Монголын үндэсний парахөнгөн атлетикийн холбоо, Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн ширээний теннисний холбоог шалгаруулсан байна. Энэ удаагийн наадмын анхан шатны тэмцээн гуравдугаар сараас гурван үе шаттайгаар орон даяар өрнөсөн бол шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-нөөс эхлэн спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-д болсон юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.