Мэдээ

"Монголын хүүхдийн спортын VII наадам" орон нутагт анх удаа болно


Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Улсын хэмжээний спортын наадмыг зохион байгуулах аймаг, хотыг шалгаруулах” гэж заасны дагуу Баянхонгор аймаг Монголын хүүхдийн спортын VII зуны наадмыг орон нутагтаа зохион байгуулах хүсэлтээ Биеийн тамир, спортын улсын хороонд ирүүлсэн юм.
Энэ дагуу аймгаас шаардлагатай тодорхой бичиг баримтыг хүлээн авсны дараа Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсгийн Баянхонгор аймагт ажилласан билээ.
Орон нутагт биеийн тамир, спортыг эрчимтэй хөгжүүлэх, салбарын болон орон нутгийн хөгжлийн ирээдүй, бүтээн байгуулалтад чухал дэвшил авчрах, өөрсдийн боломжид тохирсон спортын наадмыг хүлээн авах, өмнө нь улсын хэмжээний олон наадам, тэмцээн зохион байгуулсан туршлага, аймгийн ИТХ-ын шийдвэр, ажлын хэсгийн дүгнэлт зэргийг үндэслэн Монголын хүүхдийн спортын VII наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулах шийдвэрийг БТСУХ-ны даргын тушаалаар гаргалаа.
Баянхонгор аймагт Хүүхдийн спортын наадам зохион байгуулах эрхийн батламж гардуулах ёслолын үеэр Д.Жаргалсайхан дарга “Засгийн газраас явуулж байгаа бодлогын дагуу төвлөрлийг сааруулж, орон нутагт биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах хүрээнд Баянхонгор аймагт Хүүхдийн спортын наадам зохион явуулах эрхийн батламж гардуулж байна.
Баянхонгор аймаг нь “Бага олимп” болон бусад тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулсан туршлагатай” хэмээн тэмдэглэв. Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Оюунбаатар “Баянхонгор аймагт энэ онд долоон удаагийн УАШТ, нэг олон улсын тэмцээн зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд 26 заал, гурван гадаа талбайтай бөгөөд ирэх жил болох Хүүхдийн спортын наадмыг зохион байгуулах бүрэн боломжтой” гэж онцлов.
Ийнхүү Улаанбаатар хотноо зургаан удаа явагдаж байсан наадам ийнхүү орон нутагт анх удаа зохион байгуулагдахаар болж байна. Тус наадмыг зохион байгуулснаар Баянхонгор аймагт спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн суурь нөхцөл бүрдэх юм.
Баянхонгор аймаг нь “Баянхонгорын бага олимп”-ын наадмыг зохион байгуулсан туршлагатай бөгөөд спортын наадам, тэмцээн явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, барилга байгууламж, материаллаг бааз нь бусад аймагтай харьцуулахад илүүтэй бүрдсэн юм.
Баянхонгор аймаг:
✅
2016-2022 онд аймаг, улсын чанартай өсвөр үеийн насны ангиллаар тав, залуучуудын насны ангиллаар нэг, насанд хүрэгчдийн гурав, ахмадын насны ангиллаар нэг тэмцээнийг зохион байгуулж, 9332 тамирчин, дасгалжуулагчид хамрагдсан;
✅
“Баянхонгор бага олимп”-ыг гурван удаа зохион байгуулсан;
✅
Сум, баг бүрд орон тооны арга зүйчдийг томилон ажиллуулж нийт 25 арга зүйч, 60 идэвхтэн гишүүн, 65 биеийн тамирын багш, 200 оюутан, нийт 350 сайн дурын ажилтантай;
✅
Аймгийн төвийн баг, сургууль, аж ахуйн нэгж байгууллагын 19 спорт заал, гурван талбайтай болсон,
✅
2022 оны 12 сард ашиглалтад орох “Усан бассейн бүхий спорт цогцолбор”-той болж, наадмын нээлт, хаалтын арга хэмжээг зохиохоор төлөвлөж байна.
✅
Тамирчдыг байрлуулах 11 зочид буудал, 50 гэр байгууламж, найман сургууль, 10 гаруй цэцэрлэгийн байр, хоолны газартай;
✅
Үйлчилгээний 31 автобус Улаанбаатар-Баянхонгор чиглэлд үйлчлэх боломжтой зэрэг давуу тал байсан юм.
Харин наадмын хөнгөн атлетикийн зам, талбайг байгуулах ажлыг хийж гүйцэтгэхийг БТСУХ-ноос чиглэл болгосон байна. Үүний дагуу тус аймагт хөнгөн атлетикийн холбоо, “Дэрэн” ХХК мэргэжлийн хүмүүс ажиласан байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.