Мэдээ

“ПРЕЗИДЕНТ” СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ ЭНЭ САРД ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ

“ПРЕЗИДЕНТ” СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ ЭНЭ САРД ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ
Мэдээ

“ПРЕЗИДЕНТ” СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ ЭНЭ САРД ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ

“Президент” спорт цогцолборын төслийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг өнөөдөр төрийн ордонд хуралдаж, хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ. Уг ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж, БХБЯ, Сангийн яам, ЭЗХЯ, Эрчим хүчний яам, ГХЯ, ЭМЯ, БШУЯ, Соёлын яам, Биеийн тамир, спортын Улсын хороо, НЗДТ-ын төлөөлөл нэгдэн ажиллаж байгаа.

Уг цогцолборыг анх 2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл дадал хэвшүүлэх асуудлыг төрийн бодлогод нарийвчлан тусгах үүрэг өгсөн юм. Тэрбээр 2022 оны 11-р сард БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Ши Жинпиньтэй энэ тухай ярилцаж, хоёр орны найрсаг харилцаа, спортын хамтын ажиллагааны хүрээнд “Президент” спорт цогцолборыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Улмаар өнгөрсөн оны 12-р сард Ерөнхий сайдын захирамжаар энэ төслийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс нэн түрүүнд БХБЯ-тай хамтарч спорт цогцолборыг байгуулах байршил, талбайн хэмжээг тогтоож, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлжээ.

“Президент” спорт цогцолборын нийт бүтээн байгуулалтыг Баянзүрх дүүрэгт, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд, 4 га талбайд хийхээр төлөвлөж, газрын эзэмшил, ашиглалт, эрчим хүч, дулааны хангамжийн зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авч, баталгаажуулжээ.

Зураг төслийг “Гоби Трэвэл” ХХК боловсруулж, энэ сарын 28-нд БХБЯ-нд эцсийн байдлаар хүлээлгэн өгнө гэв. Зураг төслийн ажил дуусмагц БНХАУ-ын мэргэжилтнүүдийн баг манай улсад ирж, нарийвчилсан үнэлгээ гаргах юм байна.

Ажлын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнийн хэлж буйгаар, “Президент” спорт цогцолборын барилга байгууламжийн хэсэг 1.8 га талбайд босох ба энэ нь дотроо 19 төрлийн спортын сургалтын танхим, ресторан, спортын барааны худалдааны төв, хүүхдийн тоглоомын хэсгээс бүрдсэн 4 давхар барилга болохоор зураг төсөлд тусгагджээ. Мөн газар доорх зогсоолын хэсэгт 350 машин, гадна талбайд 300 машины зогсоол байгуулах аж.

Спорт цогцолборт олон нийтэд нээлттэй уралдаан тэмцээн зохион байгуулах танхим тусгагдаагүй. Энэ нь зөвхөн нийтийн биеийн тамирын сургалтын зориулалттай, нийгмийн эрүүл мэндийг дэмжих томоохон бүтээн байгуулалт юм байна. Өөрөөр хэлбэл, спортоор хичээллэх сонирхолтой хэн бүхний өмнө нээлттэй сургалтын цогц төв гэж ойлгож болно.

Урьдчилсан тооцоогоор уг цогцолбор ашиглалтад орсноор хүн амын дундах идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэгчдийн тоо нэмэгдэж, энэ хэрээр таргалалт, зүрх судасны өвчин, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй эмгэгүүдийн үзүүлэлт эрс буурна. Дунджаар 6000, нэг удаад 1600 хүнийг хүлээн авч, үйлчлэх хүчин чадалтай байхаар зураг төсөл боловсуулж байгаа юм.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.