Мэдээ

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Хятадын олимпын хорооны дэд дарга Лю Гуо Юунтэй албан уулзалт хийв

 

“Ханжоу-2022” XIX удаагийн Азийн наадмын үеэр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Биеийн тамир, спортын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Хятадын олимпын хорооны дэд дарга Лю Гуо Юунтэй албан уулзалт хийв

 

            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ханжоу хотноо 19 дэх удаагийн Азийн наадам амжилтай зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хүндэт зочноор уригдсан болно. БНХАУ-ын Биеийн тамир, спортын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Хятадын Олимпийн хорооны дэд дарга Лю Гуоюун 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Б.Бат-Эрдэнэ сайд тэргүүтэй албаны төлөөлөгчдийг Ханжоу хотын Чайна Хауст урьж, албан уулзалт хийв.

            БНХАУ-ын Биеийн тамир, спортын ерөнхий хорооны дэд дарга Лю Гуоюун хэлэхдээ, энэ удаагийн БНХАУ-д болж байгаа Азийн наадмыг Монгол Улс дэмжиж, олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаад талархал илэрхийлж, Монголын баг, тамирчдад амжилт хүсэв.

Тэрээр Хятад, Монголын спортын хамтын ажиллагаа бол хоёр орны найрсаг харилцааны чухал хэсэг юм. Хоёр тал хамтын ажиллагааны эрч хүчээ хадгалж, арга хэмжээ зохион байгуулах, бэлтгэл сургуулилт хийх талаар туршлага солилцох, хоёр улсын спортын байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлэх, спортын салбарын бодит хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг ахиулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Спортоор дамжуулан улс орон, ард түмний хоорондын сайн харилцааг хөгжүүлж, Хятад, Монголын найрсаг харилцааны хөгжилд эрч хүч нэмж оруулахын тулд Азийн болон олон улсын спортын үйл хэрэгт харилцаа холбоо, зохицуулалтаа хадгална хэмээв.

Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа, тэр дундаа биеийн тамир, спортын салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байгаад баяртай байгаа болохоо тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газар олимп, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд үүний нэг илрэл нь энэ удаагийн Азийн наадамд олон тооны тамирчид илгээсэн болохыг онцлов.

Талууд биеийн тамир, спортын чиглэлийн боловсон хүчнийг чадавхжуулахад богино дунд хугацааны сургалтад хамрагдуулах, өвлийн спортын мэргэжлийн заал, талбай, барилга байгууламжид Монгол Улсын тамирчдыг бэлтгэл сургуулилт хийхэд тус тус дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир,спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтэсийн дарга Н.Оюунбат зэрэг албаны хүмүүс оролцов. Уулзалтын дараагаар монголын талын төлөөлөгчдөд Чайна хаус дахь Хятадын баг тамирчдын хүндэтгэлийн танхим, үзэсгэлэнг танилцуулав.

 

 

---oOo---

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.