Мэдээ

“НИЙТИЙН ХӨЛБӨМБӨГ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачилсан “Нийтийн  хөлбөмбөг” хөтөлбөрийн хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МХБХ-ны ерөнхийлөгч М.Болд, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийтийн хөлбөмбөгийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, цаашид энэ төрлийн спортоор тууштай хичээллэж, бие бялдрын боловсрол түгээх, авьяаслаг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх ач холбогдолтой.

Хамтын ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд байгуулагдсан бүх өмчийн хэлбэрийн хөлбөмбөгийн талбайд олон улсын стандартын шаардлага хангасан эсэхэд улсын үзлэг, үнэлгээ хийх, хүүхэд, багачууд аюулгүй орчинд тоглож, хичээллэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх боломжийг хангах үүднээс сургалт сурталчилгаа явуулж, холбогдох байгууллагад санал хүргүүлэх юм байна.

БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Орон нутагт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь Биеийн тамир, спортын байгууллагуудыг татан оролцуулж, “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг удирдлага зохион байгуулалтаар хангана. Мөн аймаг, дүүрэг, хороо, сум, багийн Биеийн тамир, спортын байгууллагын арга зүйч, орон нутгийн хөлбөмбөгийн багш, дасгалжуулагчийг нийтийн болон олон улсын хөлбөмбөгийн багшийн мэргэжлийн сургалтад хамруулна” гэв.

Үндэсний хэмжээний энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд охид, хөвгүүдийн ангиллал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулж, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайг 21 аймаг, есөн дүүрэгт шинээр байгуулах, хөлбөмбөгөөр дамжуулан олон улсад үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хөлбөмбөгийн спортыг дэмжих, “Хамтын ажиллагаа, түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.